Tuesday, April 26, 2011

Kia моторс ALL NEW - 2011


“Киа Моторс”-ын 2011 оны шинэ загвар-Монголд
“Mind changer” буюу “Сэтгэхүйг өөрчлөгч” уриатай, бизнесийн хурдны гайхамшгийг үзүүлж буй “Киа” брэндийн шинэчлэгдсэн ALL NEW-2011 загварын автомашинуудыг монголчууд хүлэглэж, салхи татуулан давхих боломж бүрдлээ. Солонгосын “Киа Моторс”-ын албан ёсны дистрибьютер, Монголын авто ертөнцөд шинэ, гайхалтай өөрчлөлтийг нэвтрүүлэгч “Киа Моторс Монгол” компани “Киа”-гийн Picanto-гоос эхлээд Mohave хүртэл бүх төрлийн автомашиныг монгол хэрэглэгчдийнхээ сонголтод санал болгож байна. Дэлхийн шилдэг технологиор үйлдвэрлэсэн, орчин үеийн залуусын амьдралын хэв маягийг илэрхийлэгч эдгээр суудлын автомашин нь олон улсын нэр хүндтэй уралдаанд дизайн, өнгө, загвар, шийдлүүдээрээ манлайлж, Гран При болон бусад томоохон шагналын эзэн болсон төмөр хүлгүүд юм. “Киа”-гийн шилдэг, шинэлэг, эзнийхээ байр суурийг харуулж чадах автомашинууд Монгол нутагт хөл тавьж, монголчуудын сонголтод хувьсгал хийж буйг бататгасан ёслол өнгөрөгч баасан гаригт боллоо. “Киа Моторс” корпорацийн Ази, Номхон далайн бүсийн салбарын Ерөнхийлөгч МК Ким БНСУ-аас хүрэлцэн ирж ёслолд оролцсон юм. Мөн УИХ-ын дэд дарга, Монголын автомашин, мотоциклийн холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү оролцож, “KIA optima” маркийн автомашиныг танилцуулснаар ёслолыг нээлээ.
Хурд, хүч, тав тух, аюулгүй байдал, тансаг хэрэглээ, амьдралын өөр хэв маяг, өөрийгөө үнэлэх байр суурийг мэдрүүлэх “Киа”-гийн төмөр хүлгүүд олны харцыг булааж, сэтгэлийг татах нь энэ үдшийн нэгэн өнгө төрх байв. Морин хуур, хөөмийн аялгуу ёслолд оролцогсдын сонорыг мялааж, тал нутгаар “Киа”-гийн автомашинтай салхи татуулан давхиж, эрх чөлөөг тунхаглах шиг таатай мэдрэмжийг бас төрүүлж байлаа.
Энэ үдэш анхны худалдан авагчид болсон “Монгол даатгал”, “АПУ”, “Атибус” компани, ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдөд “Киа Моторс Монгол” компанийн захирал Т.Буян-Ундрах гарын бэлэг, батламж гардуулсан юм. Онцлон тодотгоход, “Киа Моторс” үйлчлүүлэгчиддээ гурван жилийн буюу 100 мянган км-ийн баталгаа гаргаж өгсөн нь Монголд анхных. Өөрөөр хэлбэл, Монголд анх удаа хамгийн урт хугацаат баталгааг гаргасан нь нэг талаар автомашиныхаа чанар чансаанд итгэлтэйнх, нөгөө талаар хэрэглэгчдээ эрхэмлэн хүндэтгэснийх гэлтэй.



“Киа Моторс” корпораци БНСУ-ын хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч бөгөөд 1944 онд байгуулагджээ. “Киа” үйлдвэр нь шилдэг брэндээрээ дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн тэргүүлэгч байх эрхэм зорилготой. Жилд найман орны 13 үйлдвэрт 2.1 сая гаруй автомашин үйлдвэрлэж, албан ёсны дистрибьютер компаниудаараа дамжуулан 172 орны хэрэглэгчдэд борлуулдаг байна. Дэлхий даяар 44 мянган ажилчинтай, жилд дунджаар 20 тэрбум ам.долларын ашиг олдог “Киа Моторс” Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш агаад Австралийн нээлттэй тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж буй. “Киа Моторс”-ын гол уриа нь “The Power to Surprise”. Энэ нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэлт, хүлээлтийг үргэлж шинэ загварууддаа шингээн, шинэчлэн сайжруулахын илэрхийлэл болдог аж.


“Киа Моторс Монгол” компани 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Киа Моторс”-ын Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа юм. Тус компани “Киа” брэндийн автомашиныг эх орондоо нийлүүлэхийн зэрэгцээ өндөр туршлагатай, мэргэжлийн засварын баг орчин үеийн жишигт нийцсэн оношлогоо хийж, засвар үйлчилгээ үзүүлэх төв нээгээд байна.

МК Ким: Автомашиныхаа чанарт итгэлтэй байгаа учир гурван жилийн баталгаа өгсөн

“Киа Моторс” корпорацийн Ази, Номхон далайн бүсийн салбарын Ерөнхийлөгч МК Кимээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Монголд дистрибьютер компаниа сонгохдоо ямар шалгуур тавьсан бэ?

-“Киа Моторс” корпораци дэлхийн олон оронд албан ёсны дистрибьютер компанитай, 172 оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тиймээс дистрибьютер компани сонгох тодорхой шалгуур бий. Энэ дагуу сонгож, Монголд “Киа Моторс Монгол” компани албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Үйл ажиллагаа нь амжилттай, үр дүнтэй байгаа. Үүний нэг нотолгоо нь өнөөдөр “Киа” брэндийн суудлын автомашины шинэ загваруудыг танилцуулах ёслол зохион байгуулж байгаа явдал юм.

-Өнөөдөр автомашины баталгааны дээд хугацаа нэг жил буюу 20 мянган км байгаа. Харин “Киа”-гийн автомашинд гурван жилийн баталгаа өгсөн нь Монголд шинэлэг үйлчилгээ боллоо. Энэ талаар тодруулна уу?

-Тухайн бүтээгдэхүүн буюу автомашинд өгч байгаа чанарын баталгаа бүс нутаг бүрт өөр байдаг. “Киа Моторс”-ын зүгээс Монголд борлуулж байгаа автомашиндаа гурван жилийн баталгаа өгч байна. Бид бүтээгдэхүүнийхээ чанарт итгэл төгс байгаа учраас ийм баталгаа өгсөн юм.

Т.Буян-Ундрах: Шилдэг бүхэн цогцолсон ”Киа”-гийн автомашиныг Монголдоо нийлүүлж байна

“Киа Моторс Монгол” компанийн захирал Т.Буян-Ундрахтай уулзлаа.

-Орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн, эзнийхээ нэр төрийн баталгаа болсон шинэ загваруудыг танилцуулж байгаа нь “Киа”-гийн монгол хэрэглэгчдийн хувьд сайхан үйл явдал боллоо. Энд хэчнээн төрлийн шинэ загварыг санал болгож байгаа вэ?

-“Киа”-гийн 2011 оны бүх шинэ загварыг монгол хэрэглэгчиддээ санал болгож байна. Өнөөдөр Монгол Улс маань дэлхий дахинд нээлт болж, моодонд орж байгаа. Үүнийг дагаад монгол хүний үнэ цэнэ нэмэгдэж байна. Монгол хүн хараа дээгүүр, нуруу цэх, өөртөө итгэлтэй бардам алхах цаг иржээ. Эх орон маань хөгжиж цэцэглэж байна. Монголчууд хуучин автомашины хэрэглээнээсээ татгалзаж, орчин үеийн өнгөлөг, шилдэг, чанартай, дэвшилтэт төмөр хүлгийн эзэн болох ёстой. Тиймээс “Киа Моторс Монгол” компани шилдэг бүхэн цогцолсон “Киа” брэндийн автомашиныг Монголынхоо зах зээлд нийлүүлж, оргинал сэлбэг, баталгаат засварын үйлчилгээг давхар хүргэж байна.

Г.Баярмагнай: Бид “Киа”-гийн үнэнч хэрэглэгч

“KIA optima” загварын автомашины анхны худалдан авагч болсон “Атибус” компанийн ерөнхий захирал Г.Баярмагнайн сэтгэгдлийг сонслоо.

-“Киа” брэндийг яагаад сонгосон бэ, өмнө нь “Киа”-гийн автомашиныг хэрэглэж байсан уу?

-Манай “Атибус” компани нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. “Киа”-гийн автобус, ачааны автомашины хэрэглэгч. Нэг үгээр, “Киа Моторс”-ын автомашины чанар, давуу талыг мэдэрсэн үйлчлүүлэгч. Шинэ загварын суудлын автомашинаас нь “KIA optima” загварыг сонголоо. Дизайн, өнгө шийдэл, хийц нь орчин үеийн, шинэлэг, хэв маяг нь онцгой. Түүнчлэн хөдөлгүүр нь хүчтэй, сайн, эдэлгээний хугацаа урт хэрнээ зах зээлийн үнэлгээ нь хямд, сэлбэг нь оргинал, засвар үйлчилгээ нь баталгаатай гээд “Киа”-гийн автомашиныг сонгоход олон зүйл нөлөөлсөн. Гурван жил буюу 100 мянган км-ийн баталгаа өгсөн нь бүр ч таалагдлаа.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More