АНУ-ын автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Женерал моторс” Испани болон Герман дахь машины үйлдвэрлэлээ бууруулахаар болж буй талаар “Блүүмберг” мэдээллээ. Энэ мэдээллийн дагуу бол Испанийн Зарагоза хот дахь тус компанийн үйлдвэр маргааш хаагдаж мэдэх юм. Харин Германд зохион байгуулахаар болоод байсан компанийн шилжилт маргааш, эсвэл нөгөөдөр цуцлагдаж мэдэх талаар компанийн төлөөлөгч Клаус Петер Мартин хэлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Дэн Экэрсон Сао Пауло хотод хийсэн мэдэгдэлдээ өнгөрсөн долоо хоногт болсон Японы газар хөдлөлт, цунами нь энэхүү өөрчлөн зохион байгуулалтын үндэс болжээ. Энэ бүхний гол зангилаа нь авто зах зээлд хомсдол бий болох вий гэсэн айдас юм. “Японы өнөөгийн нөхцөл байдал нь үйлдвэрлэлд эцсийн дүндээ нөлөөлөл үзүүлэх үү гэдэгт хариулахад тун бэрх байна. Ялангуяа үйлдвэрлэл зогсох эсвэл удаашрахад хүрвэл яах вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэж Стэнфорд дахь санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанийн захирал Мариан Кэллэр хэлжээ.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн манай зах зээл дээр хуучин автомашины үнэ хэдийнэ 500 мянгаас хоёр сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Ченжүүдийн хэлж буйгаар нийлүүлэлт буурсан учраас ийнхүү ханш өсөхөөс аргагүй аж. Үнэн хэрэгтээ Японд өсөөд байгаа машины үнэ манай зах зээлд тэгтлээ их нөлөөлөхгүйг эдийн засагчид хэлдэг. Орж ирэх хуучин машины тоо л буурахаас өөрөөр шалихгүй аж. Гэтэл ченжүүд Япон, Солонгосоос орж ирсэн, үеэ өнгөрөөсөн бүтээгдэхүүнийхээ ханшийг гадаад мэдээ харж байгаад нэмчихэж байна. Зах зээлийн жам гээд тэдний хийж байгаа үйлдэлтэй иргэд эвлэрэхээс аргагүй болдог. Тиймээс л “Цаана чинь үнэ өсөөд, машин ховордоод байна. Дахин машин орж иртлээ л удах байх” гэсэн тайлбараар худалдаж авах гэж ирсэн хүний амыг таглачихна. Үнээ бууруулаач, хүний үнэртэй байцгаагаач гэсэн хэвлэлийнхний нийтлэлийн хариуд өнөөх ченжүүд хэлэх хэлэхгүй үгээр булж, эцэс сүүлдээ харааж зүхнэ. Ийм л хачин урвуу зах зээлийн тогтолцоо манайд яваад байна.
Гэтэл үнэн хэрэгтээ бидэнд машин орж ирдэг ганц суваг нь Япон биш. Хятад, АНУ, Орос. Тэр сувгуудыг нээсэн бизнесмэний өмнө худалдан авалт ч түм бумаараа л байна даа. Хямд машин оруулж ирээд одоо байгаа үнийн хэт өсөлтийг дарж, эргэлтийн хөрөнгөө дүүргэх боломж ч бас байна даа.
А.Цомо
Мэдээний эхийг www.shuud.mn ээс
0 Сэтгэгдэл:
Post a Comment