Monday, February 21, 2011

Автомашины үнэ хямдарч байна


Сарын өмнө болсон үндэсний баяраар унаагаараа өрсөлдөх гэсэн монголчууд “Да хүрээ” захад багтахгүй байсан. Энэ боломжийг автомашины ченжүүд алдаагүй нь тодорхой юм. Төмөр хүлгийн үнэд жилд 2-3 удаа өөрчлөлт ордог байна. Өнгөрсөн сард 500 мянгаас дөрвөн сая төгрөгөөр өсчээ.

Харин ойрын өдрүүдэд энэ ханш буурах төлөвтэй байгааг ченжүүд ярьж байна. Амралтын өдрөөр “Да хүрээ” захаас сурвалжилснаа хүргэж байна. Сарын өмнө бум бужигнасан захад хөл татарчээ. Хэн, хэзээ ирж худалдаа хийх бол гэж хүлээсэн ченжүүдээс өөр хүн ховор. “Баярын дараа автомашин авч унах бэнчинтэй хүн бараг байдаггүй юм. Орлогоо бодож энэ үеэр хямдрал зарлахаас өөр аргагүй” хэмээцгээх. Тус захын зарим худалдагчидтай ярилцлаа.

Ченж Т.Ганболд: Банкууд лизингийн зээлээ өргөжүүлээсэй

-Борлуулалт ямар байна. Хүмүүс автомашин хэр авч байна вэ?
-Өнгөрсөн ес, аравдугаар сараас эхлээд машины борлуулалт буурсан. Иргэдийн худалдан авах чадвар буурч, банкууд лизингийн зээлээ хаасан нь нөлөөлсөн байх. Манай захаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн олонхи нь лизингээр автомашин авдаг. Хэтэвчээсээ бэлэн мөнгө тоолж өгөөд худалдаа хийх хүн ховор. Тиймээс банкууд автомашины лизингийн зээлээ өргөжүүлээсэй гэж хүсэх байна.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн машин зарав?
-Нэг ч машин зараагүй байна. Цагаан сарын өмнөхөн өдөрт 10-ыг зарж байсан. Оны өмнө болон дараа оруулж ирсэн машинуудаа хямдруулсан. Машин борлогдохгүй болохоор мөнгөний эргэлтгүй болчихоод гаальд байгаа машинуудаа авч чадахгүй. Гаалийнхан татвараа төлөөд машинаа ав гэдэг байсан бол хаа сайгүй мөнгөний хомсдол үүсээд яалт ч үгүй наймаачидтайгаа харилцан тохиролцож байна шүү дээ.

-Машины үнэ хямдарсан гэх юм. Энэ үнэн үү?
-Цагаан сар, шинэ жилийн баярын үеийг бодвол үнэ буурсан. Маркаасаа шалтгаалаад 500 мянгаас 2 сая төгрөгөөр хямдраад байна.

-Үнэ цаашид хямдрах болов уу?
-Наадам хүртэл үнэ тогтвортой байна.

-Яагаад?
-Эрэлт ихэсдэг юм. Зах зээлийн жамаар эрэлт ихэсч нийлүүлэлт багасахаар үнэд өөрчлөлт орно.

Ченж Э.Болдхэт

-Орлого ямар байна вэ?
-Харж байгаа. Хэдэн ченж, худалдагчаас өөр хүн алга. Баярын дараа энд ийм дүр зураг харагддаг юм.

-Гадуур автомашины 100 хувийн лизинг олгоно, банкууд зээлийн хүүгээ буурууллаа гэсэн мэдээлэл олон байна. Энэ нь автомашин авах нөхцөл бүрдэж байгаа хэрэг биш үү?
-Хэдий тийм ч өөрчлөгдсөн зүйл алга. Харин ч автомашины борлуулалт буураад байна. Гэртээ хоосон буцахгүйн тулд цагаан сарын дараа зарж байгаа зарим автомашины үнийг гурван сая төгрөг хүртэл бууруулсан. Баяраас хойш нэг ч автомашин зарсангүй.

Ийнхүү ярих ченжүүд өдөрт зогсоолын өртөг гэж нэг машинаас 2000-5000 төгрөг төлдөг байна. Нэг ченж 8-15 машинтай. Тэгэхээр сард зогсоолын төлбөр гэж 500-700 мянган төгрөг хураалгана. Ядаж энэ мөнгөө олохын тулд сард 2-3 автомашин зарах шаардлагатай. Тиймээс хамгийн доод үнээр нь зарж зарлагаа нөхөх хэрэгтэй байгаа аж. Харин эрэлтэд дөрөөлж үнэ өсгөдөг тэдний аргагүйдсэн байдал бидэнд ашигтай гэж “Да хүрээ” захад автомашины үнэ сонирхож явсан иргэн А.Батхүү хэллээ.

Э.Өнөр

Мэдээний эхийг : www.gogo.mn ээс

3 Сэтгэгдэл:

Muusain chenjuud bolij. Dandaa hun shulj bdag.

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More